Хорьдугаар зууны босго давснаас хойшхи Бурханы ажил үйлсийн талаар эргэцүүлэн бодвол, ирээдүйтэй мөнхөд салшгүй холбогдох нэгэн нэр бол Дерек Принс. Эгэл даруу боловч дэлхийн энтэй Библийн эрдэмтэн. Бурханд өргөсөн бүрэн үнэнч зориулалт, Ариун Сүнсэнд дуулгавартай зан байдал нь түүнийг цаг үеийнхээ олноо хамгийн ихээр хайрлуулж хүндлүүлсэн Библийн багш болгожээ.

Дерек Принсийн амьдрал өөрчлөгч Библийн сургааль нь нэгэн жарны турш даян дэлхийн сая сая итгэгч хүний амьдралыг өөрчлөх эх суваг болсоор байна. Дерек Принс 1915 онд Энэтхэгийн Банглорт Британий цэргийн гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр арван дөрвөн насандаа Етон Коллежид, харин хожим Кембрижийн Их Сургуульд тэтгэлгээр шалгаран суралжээ. Дерек Принс онцсайн сурлагаараа тэргүүлж, Кембрижийн Кингс Коллеж дахь Эртний бөгөөд Орчин цагийн философийн хүндэт гишүүнээр сонгогдсон нь түүхнээ ийнхүү сонгогдсон хамгийн залуу хүн болсон юм.

Гэтэл Дэлхийн Хоёрдугаар Дайн дэгдснээр Дерек Принсийн эрдмийн ажлыг таслан зогсоожээ. 1940 онд тэрбээр философисийнхоо итгэл үнэмшлээс болж байлдааны ангид биш, Хааны цэргийн эмнэлэгт алба хаах үүрэгт ажлыг сонгов. Хэдийгээр тухайн үед Дерек “надад шашин нэг их нэмэр болдоггүй” гэж хэлдэг байсан ч, Библийг гүн ухааны бүтээл гэдэг утгаар нь чөлөө заваараа үзэхээр авч явжээ. Анхандаа тэрбээр Библийг бараг ойлгохгүй байлаа.

Тийм боловч үргэлжлүүлэн уншсаар байсан бөгөөд 1941 оны долдугаар сарын нэгэн өдөр Иогша дахь цэргийн ангийнх нь өрөөнд Бурхан Дерекийн нүдийг нээжээ. Тэр өдөр Бурхан Дерек Принст насан турш мөнхөрсөн амин чухал хоёр үнэнийг зааж өгчээ. Энэ ер бусын үйл явдлынхаа талаар Дерек Принс өөрөө ийнхүү өгүүлсэн буй: “Би Бичээсээр буюу Библиэр дамжуулан айлдаж буй Есүсийн дуу хоолойг дэндүү тод сонссон. Түүний дуу хоолойг сонссон тэр өдрөөс өнөөг хүртэл би хоёр зүйлд нэг ч эргэлзээгүй юм. Би Есүсийг амьд гэдэгт хэзээ ч эргэлзээгүй. Би 'Библи бол Бурханы үг гэдэгт хэзээ ч эргэлзээгүй'.”

Есүстэй уулзсан энэ хүчирхэг уулзалтынхаа дараах нь Дерек Принс Хойд Африкт руу шилжсэн бөгөөд Египет, Ливи, Суданы цөлд цэргийн эмнэлэгт алба хаахдаа, Бурханы Үгт шамдан суралцсаар байлаа. Дайны дараа тэрбээр Иерусалимд цэргээс халагдаж, Данийн илгээлтийн эзэн Лидиа Кристенсентэй гэрлэхдээ, Лидиагийн өргөж авсан найман охины аав болжээ.

Дерек, Лидиа хоёр 1948 онд Израилийг тусгаар тогтнолоо тунхаглах хүртэл Иерусалимд амьдрахдаа зүрхэндээ Бурханы хүмүүс болох Израnлийн хүүхдүүдийн төлөө үйлчилж бас залбирах дуудлагыг хүлээн авчээ. Тэрбээр энэ дуудлагаа үй олон хүнд өвлүүлсэн билээ. 1948 оны адгаар буюу дөнгөж шинээр мэндэлсэн Израиль хөлөө олох гэж зүдэрч байсан тэр цагт Дерекийн гэр бүл Иерусалимаас Англи руу нүүж, Дерек төв Лондонгийн нэгэн жижиг Пентекост чуулганы пастор болжээ.

Дерек Лондонд, дараа нь Кенид тэгээд Америкт үйлчлэхдээ, итгэгч хүмүүсийн амьдралын дийлэнх юмс байх ёстой эсвэл байж болох хэм хэмжээ, хэвдээ байхгүй байгааг олж харжээ. Тэрбээр дийлэнх итгэгчид өдөр тутмын амьдралын асуудал бэрхшээл дор нухлагдан, амь тэмцэж явдгийг харсан байна. Тиймээс үйлчилж байсан хүмүүсээ Библи унших болон залбирлаар дамжуулан Бурханд ойртох хэрэгтэй хэмээн байнга урамшуулдаг байв.

1960 оны эхээр Дерекийг Вашингтон мужийн Сиэтл хотод пастораар үйлчилж байх үеэр, нэг өдөр түүнийг яг индрийнхээ ард номлож байхад нь чөтгөр түүнийг халз тулаанд дуудсан явдал Дерек Принсийг чөлөөлөлтийн үйлчлэлд хүчлэн оруулжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам, Дерек Принсийн Бичээсийг тайлсан номлолыг сонсож, Бурханы хүчийг хүлээж авахыг хүссэн хүний тоо өсөн нэмэгдсээр, тэдний тасралтгүй өсөх хэрэгцээг хангах үүднээс аудио, видео кассет болон ном эрхлэн гаргасан явдал нь 1971 онд Флоридагийн Форт-Лаудердэйлд байгуулагдсан “Дерек Принс пабликэйшн”-ий эхлэл болсон юм.

Дерекийн анхны гэргий Лидиа түүнтэй 30 гаруй жил үр жимс, үйлчлэлээр дүүрэн ханилаад, 1975 онд өөд болов. Энэ хагацал нь Дерект асар хүнд туссан боловч, тэрбээр урьд урьдынхаасаа ч илүү аялж номлох болсон юм. Хэдэн жилийн дараа Дерек Иерусалимд байхдаа, нуруугаа асар хүнд гэмтээсэн Рүт Бэйкер гэдэг эмэгтэйн төлөө залбирчээ.

Гэтэл цаг хугацаа хөрвөх явцад Эзэн Дерект түүний сайн мэдэхгүй тэр бүсгүйтэй гэрлэхийг нь илчилж өгчээ. Нилээд залбирч, нягталсны эцэст 1978 онд Дерек, Рүт хоёр гэрлэсэн бөгөөд Эзэн тэдний өмнө үйлчлэлийн цоо шинэ хуудсыг нээжээ. Энэ шинэ үйлчлэлийн хуудас нь “Дерек Принстэй хамт өнөөдөр” нэртэй өдөр тутмын радио нэвтрүүлгээр эхэлсэн бөгөөд тэд анх Америкт 8 станцтай байв. Тэдний радио үйлчлэлийг эхлэх үед Эзэний тэдэнд ийнхүү үгээ айлджээ: “Бичээсийн хамгийн гол суурь үнэнийг хүмүүст амархан, товч, тодорхой ойлгогдохоор тунхагла!”

Өнөөдөр Дерекийн радио нэвтрүүлэг болон ном, интернет төвтэй мэдээллийн эх үүсвэр нь 100 гаруй хэл дээр даян дэлхийн сая сая итгэгчдэд хүрч байна. Дерекийн сургаалын эрэлт хэрэгцээ зогсоо зайгүй өсөн нэмэгдэж байсан бөгөөд Дерек, Рүт хоёр ч дэлхий даяар аялан үйлчилсээр байлаа. 1998 оны 12-р сард Рүт таалал төгсөв.

2003 оны намар Дерек Принс хорь гаруй жил гэрээ болгосон хайртай Иерусалим хотдоо 88 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр бидэнд гайхамшигтай өв үлдээгээд явсан. Түүнийг мэддэг хүмүүст Дерек Принс Бурханд яаж захирагдах, чуулганыг яаж хайрлахыг болон Израилийн төлөөх зүрх сэтгэл… түүнчлэн Бурханы хүмүүс өөрсдийнх нь төлөө Христийн худалдаж авч өгсөн эрх чөлөө дотор бүрэн дүүрэн амьдрахыг харах гал халуун хүсэл тэмүүллийн жинхэнэ, амьд үлгэр жишээ болсон юм.

Үүнээс гадна ном, нийтлэл, номлол, захидал, аудио болон видео хичээлээрээ Библийн гэгээрлийн үнэлэшгүй эрдэнийн санг үлдээсэн билээ. Дерек Принс тавь гаруй ном, 600 аудио, 100 гаруй видео хичээлийн зохиогч бөгөөд ихэнх нь дэлхийн 100 гаруй хэлээр орчуулагдаад байна. Тэрбээр удмын хараал, Израильд хандсан Библийн үнэн ач холбогдол, чөтгөрийн онол тэргүүтэй хэний ч зааж байгаагүй сэдвээр заасан анхдагч хүн.

2002 онд Дерек Принс “Эзэн надаар дамжуулан жар гаруй жилийн тэртээс эхлүүлсэн энэ үйлчлэл Есүсийг эргэж ирэх хүртэл амьдрах нь миний болоод Эзэний ч чин хүсэл мөн гэдэгт би итгэж байна” гэж хэлжээ. Өнөөдөр Дерек Принсийн үйлчлэл “сүнсний цангаатай” тулалдсаар, 140 гаруй улсын чуулганы удирдагч нар, библийн сургуулийн төгсөгчид, сая сая жирийн итгэгчдийг амьдрал өөрчлөх Библийн сургаалаар хангасаар, Есүсийг эргэж ирэх хүртэл хүлээсэн даалгавраа биелүүлсээр явна.

Энэхүү үйлчлэл нь дэлхийн 45 орчим оронд байршдаг, Дерек Принсийн үйлчлэлийн төлөөлөгчийн газраар дамжин хийгддэг бөгөөд үүнд Австрали, Канад, Хятад, Франц, Герман, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Орос, Өмнөд Африк, Швецарь, Их Британи болон Америк улс дахь гол гол төлөөлөгчийн газар зүй ёсоор багтана. 1941 онд буюу Дерекийг итгээд удаагүй байхад Бурхан Дерект нэгэн үг өгсөн бөгөөд тэр цагаас хойш Бурхан амласан үгийнхээ дагуу Дерекээр дамжуулан гайхамшигтай үйлс хийжээ.

Бурхан Дерект: “Энэ нь эхлээд бяцхан горхи шиг байна, бяцхан горхи нь гол болно, гол нь мөрөн болно, мөрөн нь далай болно, далай нь хүчирхэг тэнгис болно. Би үүнийг чамаар дамжуулан үйлдэх боловч, хэрхэн гэдгийг нь чи мэдэхгүй, мэдэж чадах ч үгүй, мэдэх ч ёсгүй” хэмээн айлджээ.

Өнөөдөр ч даян дэлхийн сая сая итгэгчид амьдрал өөрчлөх сүнслэг үнэнээр цангасаар байна. Энэ алсын харааг бүрэн биелэл болгох нь Дерек Принсийн үйлчлэлийн гол төвлөрөл юм.

Дерек Принсийн Монгол дахь үйлчлэлийн талаар Мараната хэвлэлийн газраас мэдэх боломжтой.